Pages

Subscribe:

Wednesday, March 17, 2010

Уриалга

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ыг дэлхий дахинаараа хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласнаас хойш 25 дахь жилдээ тэмдэглэж байна. Олон улсын хэрэглэгчдийн байгууллага 2010 оны энэ өдрийг банк, санхүүгийн зах зээлд хэрэглэгчийн эрхийг хамгаалахад анхаарал хандуулан, “БИДНИЙ ЭРХ, БИДНИЙ МӨНГӨ” гэсэн уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

Монгол Улс энэхүү уриаг дэмжиж, Засгийн газрын 2009 оны 371 тоот тогтоолоор батлагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд хэрэглэгчдийн эрхийг хамгаалах, тэдний боловсролыг дээшлүүлэх, хэрэглээний соёл эзэмшүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа чухал гэж үзэж байна.

Энэхүү үйл хэрэгт хувь нэмрээ оруулах нь банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн эрхэм үүрэг, хэрэглэгчээ дээдэлсэн ёс зүйтэй үйл ажиллагаа юм. Улмаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн газар” болон “ХААН Банк”, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн Үндэсний холбоо хамтран доорхи уриалгыг гаргаж байна. Үүнд:
  • Хэрэглэгчдэдээ үр өгөөжтэй, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж, соёлтой, шуурхай үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийн баталгаагаар хангахын төлөө хамтран ажиллацгаая
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаарх мэдээллийг ил тод, нээлттэй байлгаж, үнэн зөв, бодит мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж, тэдний боловсролыг дээшлүүлж, хэрэглээний соёл эзэмшүүлэхэд хувь нэмрээ оруулцгаая
  • Зах зээл дээр шударга өрсөлдөөний таатай орчин бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн төрийн болон төрийн бус байгууллагын санал санаачлага, бизнес эрхлэгчид болон иргэдийн үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллая

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР
“ХААН” БАНК
ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ НИЙГЭМЛЭГҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО



Улаанбаатар хот 2010.03.15

Монголын хэрэглэгчийн хүнсний эрхийн хэрэгжилт, шинэчлэлийн стратеги

ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭНИЙГ ХЭЛЬЕ

“Өрсөлдөөн ба хэрэглэгчин эрх” нийтлэлийн уралдаанд

ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭНИЙГ ХЭЛЬЕ
Монголын хүнсчдийн холбооны Хүндэт ерөнхийлөгч Л.Дамдисүрэн, damdinsuren@att.net

Зах зээлийн хөдөлгөгч хүч нь хэрэглэгчийн хүсэл таашаалыг хангахын төлөө өрсөлдөөн гэдэг. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ нь хэрэглэгчид таалагдахгүй бол бизнес ашиггүй болж дампуурна. Чухам ийм учраас л хэрэглэгч “хаан” байдаг нь зах зээлийн “алтан” дүрэм билээ. Зах зээлийн жимээр алдаж, онон бэдэрсэн 20-иод жилд Монгол улс хэрэглэгчээ “хаан”-аар өргөмжилсөн эрх зүйн орчныг бүрдүүлж, бодлого, стратегиа тодорхойлж чадсан нь томоохон дэвшил. Тухайлбал, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” (1991), “Хүнсний тухай” (1995), “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” (1995), “Шудрага бус өрсөлдөөнийг хязгаарлах тухай” суурь хуулиуд, Монгол улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим” (1992)-ыг хүлээн зөвшөөрч, баталсан “Монголын хэрэглэгчийн эрхийн тухай тунхаг” (1993), Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр (2009) зэрэг эрх зүй, стратегийн олон баримт бичгийг дурдаж болно.

Монголд хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин, бодлого, стратеги, олон нийтийн хөдөлгөөний эхлэлийг тавьсан мөнхийн гавъяатан, одоо үндсэндээ мартагдаад байгаа энэ зууны эгэл баатарын нэг бол Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн анхны тэргүүн Ш.Цэндбаяр агсан билээ. Түүний санаачлагаар бүр 1990 оны эхнээс тухайн үеийн Үнэ, стандартын хорооны дарга О.Сампил, Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд Л.Дамдинсүрэн миний бие хамтран “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” сайн дурын баг болж, хуулийн төсөл, хөтөлбөр боловсруулж эхэлсэн юм.

Монголын хэрэглэгчид шудрага өрсөлдөөний үр шимийг үүрэн телефон, интернетийн сүлжээний үйлчилгээ,өдөр дутмын сонин, өргөн хэрэглээний зарим бараа, бүтээгдэхүүний чанар, үнийн хувьд хүртэж байгааг үгүйгэх үндэсгүй. Гэхдээ хүнсний зах, дэлгүүр, мухлагуудын хойморт барагтай хүн монгол байтугай унаган иргэд нь бүрэн уншиж үл чадах ханз хаягтай, импортын тодотголтой ч хэзээ, хэн, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, үнэндээ “зөөвөр”-ийн хүнсний бүтээгдэхүүнүүд заларч, хогийн жалгын нохой, өвчнөөр, эсвэл турж үхсэн малын мах, гал тогоо, угаалгын өрөөний боов, бялуу, хиам, ханцуйн “найрка” орлого, мөнгөндөө хүлэгдсэн хөөрхий хэрэглэгчийн эрүүл мэндийг хохироож, бүр заримдаа амь насанд хүрч байгаа тухай мэдээлэл, сэрэмжлүүлэг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тасралтгүй явж байгаа. Олон хүнийг хамарсан хоолны хордлого, чанаргүй, хуурамч бараа, ер нь хүнсний аюулгүй байдлын ноцтой зөрчлийн тухай өдөр дутмын сонин, телевиз, радиогоор тасралтгүй мэдээлж байна. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ийм сэрэмжүүлэг, нийтлэл бичиж , нэвтрүүлж байгаа сонин, телевиз, радио болон сэтгүүлчдэд чин сэтгэлийн талархал дэвшүүлж, цаашид хүнсний аюулгүй байдлын бодит дүр төрхийг мохож, айлгүй улам ил тод илчилж байгаасай гэж хүсье. Харамсалтай нь манайд хүнсний бараа, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн зөрчил, хоолны хордлого хэвийн үзэгдэл болж, төр, засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, хэрэглэгчийн хэн нь ч цочихоо больтлоо дасчээ. Зуны халуунд хаа дуртай газраа мал төхөөрч, ил задгай зөөдөг, мах, сүүний чанар, эрүүл ахуйн баталгааг гартаа ямар ч багаж, хэрэгсэлгүй малын эмчийн бичгээр орлуулдаг, нутаг, дэвсгэрийн засаг, захиргаа нь хураамжийг эрхэмлэж, харин хэрэглэгчээ умартсан, хүний нутагт гологдсон барааг хуурамч бичиг баримт худалдаж аваад эх орондоо оруулах эрх иргэн бүрт нээлттэй оронд хүнсний баталгаат байдлыг олон улсын хэмжээнд хэвшсэн агуулгаар нь хангана гэдэг асар их хүч, хөдөлмөр, хамгийн гол нь хүний төлөө сэтгэл, оюун ухаан, шаардана. Алхам дутамд хэрэглэгчийн эрх зөрчигдөж, хүнсний бүтээгдэхүүн аюул дагуулдаг болсон нь монголчууд бидний хувьд байдаг л зүйл, “би үхээгүй юм чинь яахав” гэсэн хандлага хавтгайрсныг үндэсний гамшиг гэлтэй. “Хаан”-ны маань эрүүл мэнд, амь насанд аюул занал учирах болтлоо хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаагийн учир шалтгааныг тоймлон хатуу боловч үнэнийг хэлье.

  • Хууль, тогтоомжийн хэрэгжилт туйлын хангалтгүй, хэрэглэгчийн эрх зүйн мэдлэг сул байна. Бараа, бүтээгдэхүүнийхээ чанар, онцлог, давуу талыг тайлбарлаж чадах худалдагч цөөн, ядаж нэрийг нь монголоор бичсэн нь ховор. Тэгсэн атлаа “нэгэнт худалдаж авсан бол хохь чинь” гэх нь халаггүй бичиг энд тэндгүй наасан байдгийг хэрэглэгчийн төлөө гэсэн тодотголтой төрийн болон төрийн бус байгууллагынхан мэддэг болов уу? Нөгөө талаар хэрэглэгч бид эрхээ мэдэхгүй, мэдлээ гээд эдлэхийг “хүсэхгүй” байна. Хууль, эрх зүйн актын дагуу шаардлага тавьдаг цөөн хэрэглэгч байлаа ч худалдагч, кондуктор, түшмэд, ноёдод зад загнуулаад мохчихдог, эрхээ хамгаална гээд зүтгэвэл засаг, захиргааны олон байгууллагын хаалга татах хүнд суртлаас халширдаг. Эрх зүй, стратегийн бичиг баримтыг хэрэглэгчид ойлгуулан сурталчлах ажил алдаг, оног байдаг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн тухай 150 хэрэглэгчээс асуухад 20-иод нь л дуулсан төдий байгаагаас ойлгомжтой.
  • Зах зээлийн зарчимд нийцсэн өрсөлдөөн үгүйлэгдэж байна. Манай хүнсний зах зээл дээр үндэсний үйлдвэрлэгчийн, импортын, далд, хуурмаг хийцийн бараа, бүтээгдэхүүн эв найртай, өөр хоорондоо ямар ч өрсөлдөөн тэмцэлгүй оршин тогтоносоор 20 жил боллоо. Бидний судалгаагаар 2008 онд ундаа, ус, шүүсний үйлдвэрлэлт 2005 оныхоос 2 дахин нэмэгдэж, дотоод зах зээлээ үндсэнд нь хангадаг болсныг энэ салбарт өрсөлдөөн хүчтэй өрнөсний үр дүн, том амжилт гэж үзэх хэрэгтэй. Сүүлийн 3 жилд “Атар 3” аян өрнүүлсэн нь үр дүнгээ өгч, гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг эх орны үйлдвэрлэлээр хангах эхлэл тавигдлаа. Гэхдээ хүний хэрэгцээ ерөнхий тоогоор бус, нэр төрөл, чанараар хангагддагийг бүрэн анхаараагүй, өөрөөр хэлбэл, хэрэгцээг баримжаалаагүй дутагдал ч бас бий. Ер нь салбар бүрт өрсөлдөөн өрнөж байна гэж үзэх үндэслэл байхгүй. Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махны хувийн жин 2008 онд 2005 оныхоос 1.5 пунктээр, сүү боловсруулалт ердөө л 0.4 пунктээр нэмэгдэж, харин хэрэгцээнд нийлүүлсэн махны 94,8%, сүүний 98% нь “ченж”-ийн мэдэлд байна. Зах зээлийн хуулиар эрэлт байвал үйлдвэрлэлт, нийлүүлэлт өсч, барааны үнэ буурах чиглэл рүү өрсөлдөөн өрнөдөг, харин манайд эсрэгээрээ байна. Малын тоо 2008 онд 2005 оныхоос 1.4 дахин өссөн боловч мах, сүүний үнэ түүнээс илүү нэмэгдэж, хотын өрхийн зарлагын 61.2%, хөдөөгийн өрхийн зарлагын 59.8% нь хүнс хоолонд зориулагдаж байна. Дээрх хугацаанд нарийн боов, жигнэмэг, чихрийн үйлдвэрлэлт 1.6 дахин нэмэгдэж, гурил, хиамын үйлдвэрлэлт бараг өссөнгүй. Төрөл бүрийн будаа, чихрийн зүйлс, ургамлын болон цөцгийн тос, тэр ч байтугай давсныхаа хэрэгцээг бараг бүхэлд нь импортоор хангаж, мах, сүүнийхээ өчүүхэн хэсгийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж байгаа нь хүнсний зах зээлд импорт, хуурмаг, далд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүн давамгайлах боломж буй болгож байна. Ер нь Монголд хүний амиар ашиг олох үйлдэл дахин давтан гарсаар байгаагийн хамгийн сүүлийн жишээ гэвэл зуданд үхсэн малын мах Улаанбаатар ирж байгаа тухай баримт, мэдээ. Зудад туйлдсан малчддаа туслах гэж хотынхон байгаагаасаа илүүчилж байхад дамчид оронд нь турж үхсэн малын мах барьж байгаа нь энэ үү? Хүнсний бүтээгдэхүүний хуваарилалтын үйл ажиллагааг үндсэнд “ченж” жолоодож байна. Импортын бараа “Барс” захаас, мал, мах, цагаан идээ “Эмээлт”-ээс эхлэн 4-5 хүний гар дамжиж, тэр болгонд үнэ нь 300-500 төгрөгөөр өсдгийг бид тогтоож, “Хүнсний хангамж, аюулгүй байдал 2008” жилийн ажлын явцад мөн ч олон бичиж, ярьж, төр, засагт санал дэвшүүлсэн дээ.  Дулаан, цахилгаан, цэвэр, бохир ус, нийтийн тээвэр гээд олон салбарт дангаар ноёрхол хэвээр үйлчилж, зохицуулах боломж алдагдсныг үнэ байнга нэмэгдэж буйгаар хэрэглэгч мэдэрч байна. Шудрага өрсөлдөөнийг дэмжиж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх талаар бид их ярьж, олон хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгаа ч хэрэглэгчид үр шимээ тэр болгон өгөхгүй байгаад дүгнэлт хийж, эрс өөрчлөлт хийх цаг болжээ. Зах зээл хөгжсөн оронд баяр, наадам болохоор бараа, үйлчилгээнийхээ үниин манайд бууруулан өрсөлддөг, манайд бол “энэ муу хэрэглэгч авахгүй хаачихав” гэсэн шиг үнэ өсдөг жамтай.
  • Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад төрийн болон төрийн байгууллагууд үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ш.Цэндбаяраас хойш янзбүрийн сүржин тодотголтой “цэнхэр туг”-ны наймаа өрнөж, хүнийг дээд зэргээр хохироосон Хадгаламж, зээлийн хоршоод, чанарын зөрчилтэй архины үйлдвэрүүд, гуанз, цайны газрууд гээд “Хэрэглэгчийн найдвартай түнш” болоогүй аж ахуйн нэгжүүд цөөхөн үлдсэн нь бодит үнэн. Хүний аминд хүрсэн “Азийн чоно” ХХК бас л “найдвартай түнш” байсан байлгүй. Одоо тугны наймаа зогссон ч “үндэсний брэнд”, “биоэкобүтээгдэхүүн” гэх зэргээр олон янзын шагнал, өргөмжлөлөөр хэрэглэгчээ төөрөгдүүлэх ажилд хэрэглэгчийг өөрийг нь чадамгай ашиглах болжээ. Чихэртэй болгоныг амттай, гоё зурагтай шошготой бол тэргүүний технологи гэж үнэлдэг дээрх мэтийн шалгаруулалтад ихэнх компаниуд чамгүй мөнгө төлж, сурталчилгаанд хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслүүд, тэр ч байтугай Олон нийтийн радио, телевиз оролцох болсон нь монголчууд бидний зах зээл, өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хүнсний болон биологийн үнэт чанарын тухай мэдлэгийн түвшингийн бодит хэмжүүр гэж хэлж болно. Шудрага өрсөлдөөн хүчтэй өрнөсөн оронд бараа, үйлчилгээний чанар сайжирч, тэр хирээр эрэлт нэмэгдэж, нийлүүлэлт өргөсөн үнэ буурч, хэрэглэгч нь хождог. Өрсөлдөөний үр шим нь хэрэглэгчид таатай нөлөө үзүүлээсэй гэсэндээ талийгаач Ш.Цэндбаяр бид дангаар ноёрхол, шудрага бус өрсөлдөөнийг хязгаарлах талаар хуультай болох нь зүйтэй гэж тогтоод, Болгар улсын энэ чиглэлийн хуулийг монгол хэлнээ хөрвүүлж, өнөөгийн “Шудрага бус өрсөлдөөнийг хязгаарлах тухай” хуулийн үндсийг тавьсан юм. Бид шудрага бус өрсөлдөөн, элдэв ноёрхлоос хэрэглэгчээ хамгаалахыг зорьсон, харин өрсөлдөөний элдэв гажуудлыг хүлээн зөвшөөрч, түүнийг зохицуулах үүрэгтэй бас нэг “жижиг яам” байх тухай төсөөлөө ч үгүй билээ. Өрсөлдөөний гажуудал, үнийн үндэслэлгүй өсөлтийг зохицуулах гэсэн оролдлогыг холбогдох байгууллагууд хийдэг, гэхдээ гол төлөв “өнгөрсөн борооны хойноос цув” нөмөрч, учрыг нь олох гэсээр байтал үнийн дараагийн давалгаа эхэлдэг тогтолцооноос чадахгүй байна. Ер нь хэрэглэгчийн эрх ашгийг зөвхөн худалдагч, үйлчлэгч – хэрэглэгчийн харилцаагаар төсөөлөөд, нийгмийн хүрээнд бүхэлд нь авч үзэхгүй байна уу даа гэж бодогддог. Хэрэглэгчээр овоглосон төрийн болон төрийн бус байгууллагууд үнэхээр ажилладагсан бол “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай”, “Хүнсний баталгаат байдал” үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил өдийд ёстой л оволзож баймаар сан.
  • Элдэв цуу яриа, хуурамч сурталчилгаа хэрэглэгчийг төөрөгдүүлж, шудрага бус өрсөлдөөнийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэр, компаниудын хооронд “бүдүүлэг өрсөлдөөн” өрнөж, нэг нь нөгөөгөө зохиолч, сэтгүүлчдээр баахан муулуулж, харин импортынх нь “монгол үнээний цэвэр сүү-олимпын аврага”, “экологийн цэвэр-данболли дрожж”, “йогурт-эмчилгээний бүтээгдэхүүн”, “ISO 9000-ийн шаардлагад нийцсэн” гэх мэтээр мэдэхгүй нь гайхмаар, мэддэг нь инээж, бас уур хүрмээр сурталчилгаагаар “хэрэглэгч-хаан”-аа үндсэндээ басамжилж байна. Хүнсний бүтээгдэхүүний шошго дээр “экологийн цэвэр”, “эмчилгээний“ гэж бичээстэй, харин экологийн цэвэр болохыг нь ямар байгууллага, яаж тогтоохыг заасан журам, стандарт манайд байхгүй, эсвэл хэдэн хүнийг яаж эмчилсэн тухай эмнэл зүйн албан ёсны дүгнэлтгүй, үйлдвэрлэгчээс нь асуувал домог төдий юм хэлдэг, худалдагч бол бүр ч мэдэхгүй. Зар сурталчилгааны үнэн зөвд хяналт тавих үүрэг бүхий агентлаг нь архинаас бусдыг анхаардаггүй, анхаараач гээд санал тавихаар өөдөөс баахан цаас шаардаад суучихдаг тогтолцоотой оронд хуурмаг сурталчилгаа газар авалгүй яахав. Хортой архи, меламинтай сүү илэрээгүй бол өдийд архины жижиг үйлдвэрийн тоо өдийд 300 хол гарчихсан, олимпийн аврагууд маань “илли”, “менгу” сүүний барьцаанд орчихсон байх болов уу. Бүр сүүлдээ төр, засаг ийм ажилд оролцдог болсныг гахайн ханиадны үеэр адууны мах, аарц, чацарганаар хүний дархалааг бэхжүүлэх гэж хэрэглэгчээ молигдож, үнэ хөөрөгдсөнөөр нотолж болно. Үнэхээр хүний дархлааг дээрх зүйлсээр бэхжүүлж болдог юм бол эмнэл зүй-биологийн туршилтын баттай үр дүнгээ олон нийтэд ил тод мэдээлэх ёстой, ийм соёлыг эрхтэн, дархтнууд эзэмшсэн байх үүрэгтэй шүү дээ. Хятадад меламин гэгч хортой бодисыг сүүнд зориуд хийж, уургийн агууламжийг зохиомлоор өсгөсөн нь илэрч, дуулиан болоход АНУ, Канад, Англи, ОХУ гэх зэрэг дэлхий олон орны хүнсний эрүүл ахуйн хяналтын албад, Эрүүл ахуйн Ерөнхий эмч, Эрүүл мэндийн сайд нь хүн ардаа, тэр ч байтугай нохой, муураа ийм юмаар хооллочих вий гэж сэрэмжлүүлсэн, манайд болохоор Онцгой байдлын комиссар л мэдэгдсэн, бусад нь хаачсан бүү мэд, Эрүүл ахуйн Ерөнхий эмч ч яахав, угаасаа манайд байхгүй, Эрүүл мэндийн сайд нь “өвчтэй хүн”-ий асуудал хариуцдаг, эрүүл хүний тухай ярих завгүй, мэргэжлийн хяналт нь “мэргэжлийн бус” удирдлагатай. Ямар сайндаа л “Илли” сүүг Монголд зардаг компанийн менежер нь “Манай хятдууд меламиныг нь ихдүүлчихжээ” гэж эгээтэй л хоолны давс чангадсан шиг ярьж байхав. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ихэнх цаг, нийтлэлээ бараа, бүтээгдэхүүн магтахад зарцуулж, хэрэглэгчийг улам ч төөрөгдүүлж байна. Тэр ч байтугай бариач, зурхайч, ид шидтэний магтаал ч хирээс хэтэрлээ, хэрэглэгчийн төлөө төрийн болон төрийн байгууллагууд маань чимээгүй л байна. Хэрэглэгчийг төөрөгдүүлэхийг хэвлэлийн эрх чөлөө гэж хэлдэггүй баймаар.
  • Хэрэглэгчийн эрхийг эрүүл хооллолтын бодлогоор хамгаалах тогтолцоо үгүйлэгдэж байна. Энэ тухай миний бие олон удаа бичиж, ярьсан, заримд нь ад болж явсан учраас энд ганцхан баримт хэлье. Монголын Хүнсчдийн Холбооноос 2005 онд “Хүн амын эрүүл хооллолтыг хангах талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг боловсруулж, Ерөнхийлөгчөөс дэмжлэг авч, хүнс хоолны асуудал нийгмийн эрүүл мэндийн бодлогын үндсэн хэсэг байдаг учраас Зөвлөхийнх нь гарын үсэгтэй албан бичгээр Эрүүл мэндийн сайдад өгсөн хүргүүлсэн, харин 6 сарын дараа “манай бодлого тодорхой, сайхан хөтөлбөрүүд сайн хэрэгжиж байна” гэсэн утгатай хариу ХХАА-н дэд сайдаас ирж билээ. Хүний хоол ундыг арай малын тэжээлтэй андуураагүй байгаа даа гэж тухайн үед надад бодогдсон. Хүнсний баталгаат байдал, нийгмийн эрүүл мэндийн бодлого оновчгүй, өнөө маргаашийг өнгөрөөх төдий тогтолцоо манайд үйлчилж байгаагийн зөвхөн нэг жишээ энэ. Бусад орны жишгээр “Эм, хүнсний хяналтын алба”-ыг УМХГ-аас тусад нь гаргаж, “жинхэнэ мэргэжил”-ийн алба байгуулбал зөвхөн борчууд бидний төдийгүй, дээдсүүдийн амь насанд ч ээлтэй байх болов уу гэж олон ярьсан, бичсэн, Ерөнхий сайд асан С.Баяр нэг үе дэмжиж байсан, харин одоо чимээгүй болох шив дээ.
Бухимдсан сэтгэлдээ хөтлөгдөн жишээ баримт тоочоод байвал барагдахгүй, бас уншигчдыг улам айлгахыг хүсэхгүй байна. “Хаан”-аа дээдэлдэг хүн төрөлхтөний ёсоор зах зээлийн нөхцөлд хэрэглэгчээ хэрхэн хамгаалж, шудрага өрсөлдөөнийг өрнүүлэх талаар хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний жишээн дээр зарим санал дэвшүүлье.

1. “Хэрэглэгчдийн үндэсний чуулга-уулзалт”-ыг энэ онд бүс нутаг бүрээр хийж, эрх ашгийн төлөө “хаантан” өөрөө болон төр, засаг юу хийх ёстойг тодруулж, олон нийтийн байгууллагынхаа бодлого, зорилтыг тодорхойльё. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” (2009 оны 371дүгээр тогтоол)-ийг үнэхээр үндэсний хэмжээнд ажил хэрэг болгох арга замаа нягталж, хэрэглэгч бид янзбүрийн брэнд, эмчилгээний бүтээгдэхүүн тодруулах ажлын үнэгүй зарц, бас гэрч болсоор л байх эсэхээ ч тогтож авъяа. Эрхээ эдлэх, хамгаалахын төлөө хэрэглэгчид жинхэнэ эвлэлдэн нэгдэе, ийм зорилго бүхий төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хүн бүр оролцье, санхүү, зардалд нь хэрэглэгч бүр хувь нэмрээ оруулъя. Хэрэглээний боловсролыг хүүхдэд цэцэрлэгээс эхлэн олгодог бусад орны туршлагыг нэвтрүүлж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр барааг магтах бус, харин үнэн мөнийг хэрэглэгчид хүргэдэг хөтөлбөр, тогтсон цагтай болгож, үнэ хөлсийг нь төр, хэрэглэгч хуваан төлдөг аргад шилжье.
2. Хэрэглэгчийн эрхийг “хаан”-ы зиндаанд хангах тулгуур нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн хариуцлага-хүнээ гэсэн сэтгэл, хэрэглэгчийн боловсрол мэдлэг, төрийн хяналт, зохицуулалт байдаг. Үүнд тулгуурлаж, Монгол улсад хэрэглэгчийн эрхийг хангах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог шинэчилье. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний хувьд мэргэжлийн хяналтын одоогийн тогтолцоог хөндөх шаардлага ч гарч магад, үүнээс айлтгүй, монгол хүн эрүүл, энх тунх амьдрах орчинг бүрдүүлэх нь чухал, албан тушаалыг зохицуулж болох биз.
3. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг жилд нэг удаа уриа, лоозон, уралдаан зарласнаар бус, харин төр, засаг, нутаг дэвсгэрийн засаг, захиргааны үндсэн ажил болгоё. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, шат шатны иргэдийн хурлын төлөөлөгч бидний итгэл найдварыг хүлээн сонгогдсон хүмүүс ард түмнийхээ өмнө тайлангаа тавьж, хэлэлцүүлж, дүгнүүлдэг больё. Хуулийн дагуу бидний төлөөлөл болсон түшээдийнхээ ажлыг дүгнэх эрх ард түмэнд, хэрэглэгчид байх ёстой гэдэг зарчмыг хаад, ноёд, харц ард гэлтгүй ягштал баримталж суръяа. Ийм зарчимд захирагдахгүй дургүй нь сайн дураараа огцордог больё.
4. Шудрага бус өрсөлдөөнийг хянан зохицуулах бус, харин хэрэглэгчийн эрх ашгийн төлөө шудрага өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэхийн төлөө ажилладаг, мэргэшсэн байгууллагатай больё. Бараа үйлчилгээний үнийг нэмсэн хойно нь хянах гэж оролдох бус, харин зах зээл, үнэ ханшийг судалж, хэрэглэгчээ хамгаалах арга хэмжээг урьдчилан авдаг, үнэ бууруулахын төлөө өрсөлддөг, хянадаг орчин бүрдүүлье. Бараа, бүтээгдэхүүн дамлан зардаг “ченж”-ийн тогтолцоо хэрэглэгчийг хохироож байгаа тухай олон жил ярилаа, одоо ярианаас амьд ажилд шилжье. Мал, махны дамын худалдааг хаах ажлыг Богд хаант Монгол улсын Засгийн газар хэрэгжүүлж байсан туршлага ч байдаг юм билээ.
5. Импортын чанаргүй бараа, далд үйлдвэрлэл, хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчээ хамгаалъяа. Юуны өмнө хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, хаяг, шошго, сав, баглаа боодлын талаар техник зохицуулалтын арга хэмжээ авъя, ядаж импортын хүнсний бүтээгдэхүүнийг монгол хэлээр бичсэн тайлбартай болгоё, тохирлын үнэлгээ, чанарын баталгаажуулалтыг амьд ажил болгоё, хууль нь ч бий, Засгийн газрын байгууллагууд нь ч байна, болохгүй юм байхгүй дээ. Хүнсний бүтээгдэхүүний хяналт, шалгалттай холбоотой зарим ажил, үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлж, аль болохоор мэргэшүүлэх, төрийн ачааллыг бууруулах бодлого баримтлъя.
6. Хэрэглэгчийн төлөө хийсэн ажлаа төрийн болон төрийн бус байгууллага, засаг захиргааны нэгж ард түмэн, хэрэглэгчдэдээ жил бүр Олон улсын хэрэглэгчийн өдөр тайлагнаж, дараагийн ажлаа төлөвлөж, хэвшье.

Эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэв

Хэрэглэгчийн олон улсын өдрийг тохиолдуулан Засгийн газрын зохицуулагч агентлаг “Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө” газраас 2010 оны 3 дугаар сарын 11-нд зохион байгуулсан “Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх” эрдэм шинжилгээний хуралд доктор, профессор Л.Дамдинсүрэн “Монголын хэрэглэгчийн хүнсний эрхийн хэрэгжилт, шинэчлэлийн стратеги” илтгэл тавьж хэлэлцүүлэв. Монгол улсад хэрэглэгчийн хүнсний эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, бодлого, стратеги тодорхойлогдсон боловч бодит амьдралд хэрэглэгчийн эрх зөрчигдөж байгаа шалтгааныг илтгэгч судалгааны үр дүнгээр тодорхой тайлбарлав. Хэрэглэгчийн хүсэл таашаалыг хангахын төлөө өрсөлдөөний төрөл, хэлбэр, хүнсний эрхийн хэрэгжилтийг “алтан гурвалжин” хандлагаар судлах онолын төсөөлөл, Японы чанарын удирдлагын загварууд, Америкийн хэрэглэгчийн боловсролын зарчим, илтгэлд тодорхой авч үзсэн нь хуралд оролцогчдын сонирхлыг ихээхэн татав. Илтгэгч хэрэглэгчийн хүнсний эрхийг хангахын тулд хүнсний зах зээлд шудрага өрсөлдөөнийг өрнүүлэх, үндэсний үйлдвэр, компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хэрэглэгчийн боловсролыг хөгжүүлэх зэрэг стратегийн санал дэвшүүлэв. Илтгэгч “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар үнэхээр шийдвэртэй алхам хийе гэвэл “Хэрэглэгчдийн үндэсний чуулга-уулзалт”-ыг энэ онд бүс нутаг бүрээр хийж, иргэд, засаг захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагууд бодлого, зорилгоо нэгтгэж, хэн юуг, яаж хийхээ тодотгож авахаас эхлэх ёстой гэж бодож байна. Чуулга-уулзалтад төр, засгийн эрх мэдэл бүхий албан тушаалтнууд зөвхөн илтгэл тавигчийн хувьд бус, харин хэрэглэгчийн хувьд, хэрэглэгчийн өмнө үүрэг хүлээсний хувьд ажил хэрэгч, санаачлагатай оролцоосой” гэж төр, засгийн эрх баригч байгууллага, албан тушаалтнууд, нутаг дэвсгэрийн зсаг захиргаа, төрийн бус байгууллага, нийт хэрэглэгчдэд хандан уриалсан байна. Хэрэглэгчийн олон улсын өдрийг тохиолдуулан Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос зарласан нийтлэлийн уралдаанд проф.Л.Дамдинсүрэнгийн “Хэрэглэгчийн төлөө хатуу үг хэлье” өгүүлэл 3 дугаар байр эзэлсэн байна. Проф.Л.Дамдинсүрэнгийн эрдэм шинжилгээний илтгэл болон өгүүлэлтэй манай вэб хуудаснаас танилцаж, санал, бодлоо хуваалцаж болно.

Tuesday, March 2, 2010

МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ: УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ

МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН МЕНЕЖМЕНТ:
УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ


Магистр Н.Номинханд
ШУТИС-ийн Хүнс-Биотехнологийн сургууль


Түлхүүр үг: удирдлага, загвар, бүтээмж, зан төлөв, харилцаа

Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед Монголын хүнсний үйлдвэрт чанарт чиглэсэн удирдлагын зарим загвар үр дүнгээ өгч байсны нэг нь “ээлж хоорондын гэрээ” юм. Гэвч энэ загварт тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзсан “захиргаадалтын хэлбэр” байгааг тогтоов.
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулсан хүнсний үйлдвэрийн чанар технологийн удирдлагын шинэчилсэн загвар нь төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцооны үед үр ашигтай хэрэгжиж байсан стандарт, мөн олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартуудыг хослуулсан учраас тогтвортой чанар, өндөр үр ашигт хүрэх хэрэгсэл болно гэж үзэж байна.
Байгууллагын бүтээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх нь хувь хүний түвшин, бүлгийн түвшин, байгууллагын түвшинд зан төлөв, харилцааны шинэлэг арга барилыг боловсруулан ажиллахыг шаардана. Иймд зөвхөн байгууллага бус, салбарын хэмжээнд бүтээмжийн үр нөлөөг сайжруулах, цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх стратегийн зарим загваруудыг дэвшүүлэв.

Monday, March 1, 2010

ЭНЭ БОЛ ЭРГЭХ ХОЛБОО
ЭНЭ БОЛ АМЬД

ШУТИС-ийн Хүнсний инженер зүй, биотехнолгийн сургууль “Хүнсний үйлдвэрийн удирдлага” мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг 2003\2004 оны хичээлийн жилээс “Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний технологи” Профессорын баг сургалтын багцад оруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ мэргэжлээр суралцах оюутны тоо жил бүр нэмэгдсэн болон хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт менежментийн судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх шаардлагыг харгалзан 2006 оны 2 дугаар сараас “Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” байгуулсан билээ.
Багийн эрхэм зорилго: Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн чиглэлээр салбарын хэмжээнд сургалт - эрдэм шинжилгээ - үйлдвэрлэлийн цөм болохБагийн бүрэлдэхүүнд Тэргүүлэх профессор доктор (Sc.D) Л.Дамдинсүрэнгээр ахлуулсан мэргэжлийн өндөр зэрэг цолтой, заах арга сайтай багш нар ажиллаж магистр, бакалаврын зэрэг олгох болон богино, дунд хугацааны мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг эрхэлж байна. Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийг сонгож, манай халуун ам бүлд нэгдсэн оюутан, суралцагчид маань сургалтын хөтөлбөрт сэтгэл хангалуун идэвхи, санаачлагатай суралцаж, зах зээлд үнэлэгдэх мэргэжилтэн, боловсон хүчин болон төгсөж, өөрсдийн хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө хэрэгжүүлж, амжилтанд хүрч чаддаг билээ.Манай төгсөгчид
  • Хүнс, хоолны үйлдвэрлэлд чанар-технологи, маркетинг, санхүүгийн менежер
  • Бизнесийн ба бизнесийн бус байгууллагад дунд, анхан шатны менежер, эдийн засагч, нягтлан бодогч
  • Жижиг дунд компаний захирал
  • Хот аймаг суманд төрийн захиргааны ажилтан
  • дотоодын болон гадаадын төслийн ажилтан, мэргэжилтэн
  • Эдийн засгийн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан
  • Төрийн бус байгууллагад мэргэжилтэн
  • Магистраас дээш зэрэгтэй бол улсын болон хувийн их дээд сургуульд багшаар ажиллах бүрэн ажиллах боломж бүхий мэдлэгийг олж авна.

БАКАЛАВРЫН СУРГАЛТААР:
Манай сургуульд 2003-2004 оны хичээлийн жилээс “Хүнсний үйлдвэрийн менежмент”, 2008-2009 оны хичээлийн жилээс “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент” мэргэжлээр бакалаврын зэргийн сургалт явуулж байна. Багаас оюутнуудад сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн боловсрол олгохын зэрэгцээ нийгмийн хэрэгцээ шаардлагаар байнга өөрчлөгдөж буй үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт эзэмшсэн мэргэжлээрээ чадварлаг ажиллаж, манлайлж чадахуйц менежер болох эхлэлийг нь тавихыг эрхэмлэж, судалгаа, шинжилгээний ажилд өргөн оролцуулдаг юм. Манай мэргэжлээр элсэхийг хүсэгчид элсэлтийн ерөнхий шалтгалтанд математик, физикийн хичээлээр өндөр оноо авсан байх шаардлагатай.“Хүнсний үйлдвэрийн менежмент” мэргэжлээр 6 удаагийн төгсөлтөөр нийт 66 оюутан бакалаврын зэрэгтэй төгсөж, одоо бүгд ажлын байраар хангагдсан нь манай сургалтын чанар, төгсөгчдийн зах зээл дээрх байр суурийг илэрхийлж байна.



МАГИСТРЫН СУРГАЛТААР:

Хүнсний үйлдвэрийн салбарт менежментийн шинэ загвар, хэлбэрийг туршин нэвтрүүлэх, байгууллагыг үр ашигтай удирдах, шинэчлэн зохион байгуулах мэдлэг чадвар бүхий мэргэжилтэн болон бэлтгэгдэнэ.

МЭРГЭШҮҮЛЭХ, МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТААР:
Манайх богино дунд хугацааны мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг байнга, тогтмол явуулдаг билээ.
Бид үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан компанийн чадавхи, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн цуврал сургалтуудыг Монголын Хүнсчдийн холбоотой зөвшилцсөн хөтөлбөрийн дагуу зохион байгуулж байна. 2010 оны эхний хагаст хүнсний эрх зүй, хүний нөөц, хүнсний хэрэглээний шинэ чиглэл, бүтээгдэхүүний сурталчилгаа, брэндийн удирдлага, чанар-технологийн удирдлага, хяналтын талаар сургалт явуулна. Хөтөлбөрийн дагуу зохион байгуулсан 3 удаагийн сургалтанд компанийн захирал, чанар, технологи, маркетингийн менежер зэрэг 100 гаруй хүн хамрагдлаа.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ЧИГЛЭЛ:
  • Хүнсний бодлого, эрх зүйн орчны оновчтой тогтолцоо, менежмент
  • Хүнсний үйлдвэрийн чанар технологийн менежмент, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент
  • Аялал, жуучлалын хоолны үйлчилгээний менежмент гэх мэт.
ХЭРЭГЖҮҮЛСЭН БА ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ (2000 оноос хойш):
  • “Бодисын солилцоог дэмжих үйлчлэл бүхий цагаан идээний технологи, цэвэр өсгөврийн сан” ШУТ 2004-2006 он
  • Сүү үйлдвэрлэлийн суурь судалгаа \ХХААЯ, НҮБ-ын ХХААБ\ 2005 он
  • Эрүүл хэрэглээ төсөл. 2007 он
  • “Монгол улсын хүнсний баталгаат байдал” Үндэсний хөтөлбөр. \ХХААЯ, НҮБ-ын ХХААБ\ 2008 он
  • Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулга, 2008-2009 он
  • Монгол улсын “Хүнсний баталгаат байдлын шинжилгээ, шинэчлэлийн стратеги” судалгаа, “Хүний аюулгүй байдлын судалгаа” төв, 2009 он
  • “Эрүүл хооллолтын үндэс-хүнсний аюулгүй байдал” сургалтын хөтөлбөр, олон улсын “Жайка” байгууллага, Булган аймаг
  • “Говийн нөхцөлд хүнсний ногоо, чацаргана боловсруулах” бизнес төсөл, олон улсын “АДРА” байгууллага, 2009 он
Манай баг өөрийн оюутнууд болон төгсөгчид, түүнчлэн үйлдвэрлэлийн менежерүүд, хүнсний үйлдвэр, хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх эрмэлзлэл, тэмүүлэлтэй сонирхсон хүн бүрт нээлттэй, хүртэмжтэй байхыг эрхэмлэдэг.

ЭНЭ БОЛ ЭРГЭХ ХОЛБОО
ЭНЭ БОЛ АМЬД

“БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СУРТАЛЧИЛГААНЫ ОНОВЧЛОЛ” БИЗНЕС СЕМИНАР

Ерөнхий зохион байгуулагч: ШУТИС. ХИБС. Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн профессорын баг
Хугацаа: 2010 оны 3-р сарын 20-ны өдөр
Цаг: 1100 - 1400
Оролцох хүмүүс: Хүнсний үйлдвэрлэлийн компаниудын чанар, технологи, маркетингийн менежерүүд болон сонирхогч бусад хүмүүс
Агуулга:
  • Брэндийн тухай ойлголт, түүнийг буй болгох үйл ажиллагаа
  • Бүтээгдэхүүний сурталчилгааны оновчлол, хаяг, шошго
Төлбөр: 10.000 төгрөг
Бүртгэлийн хугацаа: 2010 оны 3-р сарын 1 (даваа)-ээс 3-р сарын 17 (лхагва)-ны 1800 цаг хүртэл
Бүртгэх хүний тоо: 40 хүн (хүний тоо гүйцсэн тохиолдолд хугацаанаас өмнө бүртгэл дуусахыг анхаарна уу!)
Бүртгүүлэх e-mail хаяг: noonii_smile@yahoo.com
Харилцах хүн: Н.Номинханд
Утас: 99062923
Вэб хуудас: www.nomio.org