Pages

Subscribe:

Tuesday, October 28, 2008

Монгол цагаан идээний үйлдвэржсэн технологийн шинжлэх ухааны үндэс, Sc.D диссертаци, 2002

МОНГОЛ ЦАГААН ИДЭЭНИЙ ҮЙЛДВЭРЖСЭН ТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДСҮҮД

Л.Дамдинсүрэн

/диссертаци орос хэлээр, автореферат монгол хэлээр, эх хувиуд Улсын нийтийн төв номын санд бий/
Шинжлэх ухааны шинэлэг ач холбогдол

Монгол цагаан идээ бэлтгэх уламжлалт аргыг судалгааны объект болгон технологи, микробиологийн үүднээс анх удаа судлав. Монгол цагаан идээний үйлдвэржсэн технологи боловсруулах шинжлэх ухааны үндэс нь уламжлалт аргын 3 зарчим: сүү боловсруулах дулаан-механикийн арга, сүүн хүчлийн болон хосолмол исэлдэлт, дулаан - хүчлийн ээдүүлэлт болохыг судалгаа, туршилтаар тогтоов. Уламжлалт аргын зарчим, бүтээгдэхүүний химийн найрлага, чанарын онцлогийг тусган монгол цагаан идээний шинжлэх ухааны үндэслэл бүхий ангиллыг шинээр боловсруулав. Сүү боловсруулах дулаан-механикийн аргын үйлдэл, ажилбар нь пастеризаци (стерилизаци), сүүний тос ялгах, тосны бөмбөлгийг жигдрүүлэх, болсон сүүг хадгалах, агааргүй орчин буй болгох арга ажиллагааны нэгдсэн цогцолбор болохыг онолын үүднээс илрүүлж, туршилт, шинжилгээний үзүүлэлтүүдээр нотлов. Сүү хөөрүүлэх, өрөм байлгах, сүүг дулаан-хүчлийн аргаар ээдүүлэх уламжлалт арга, ажиллагааны механизмыг онолын хувьд тайлбарлав. Таргийн хөрөнгө бэлтгэх, айраг исгэхийн өмнө гүүний саам хадгалах, өрөм, цөрөм хураах, сүүн хурууд бэлтгэх уламжлалт аргуудад хэвшсэн биотехнологийн үйлдлүүдийг илрүүлж, үйлдвэржсэн технологи боловсруулахад ашиглав. Таргийн эх хөрөнгийн савханцар нь L.delbrueckii sub.sp. L.bulgarius болохыг тогтоож, энэ талаар эрдэмтдийн үзэл бодол зөрүүтэй байсныг нэг мөр болгон шийдвэрлэв. Монгол таргийн байгалийн эх хөрөнгийн үндсэн бүрэлдэхүүнийг ашиглан цэвэр өсгөврийн хөрнөгө зохион бүтээх онолын үндэслэлийг тогтоож, хөрөнгийн бичил биетийг тасралтгүй аргаар өсгөвөрлөхөд сүү сэлбэх хурд, түүний исгэлэнгийн хамаарлын математик загварыг туршилтын үндсэн дээр гарган бичил биетийг тасралтгүй үржүүлэх технологийн нэг шаталттай бүдүүвчийг боловсруулав. Сүүн хурууд үйлдвэрлэхэд ашиглах цэвэр өсгөврийн хөрөнгийг судлан сонгосны дээр цагаан тос, шар тосны үйлдвэржсэн технологт тусгай хөрөнгө ашиглах биотехнологийн аргуудыг судлаж боловсруулав. Дулаан-хүчлийн сүү ээдүүлэх зарчмын технологийн параметруудын харилцан хамаарлын математик загварын үндсэн дээр бяслаг, ээзгий үйлдвэрлэх технологийн горимыг оновчилж, аарц шүүх, сэргээх ажилбарын зохистой параметрыг тогтоов. Сүүний тос, уургийн агууламжаас өрөмний тослог хамаарах математик загварыг гаргаж, сүүний уургийг тослогт шилжүүлэн тооцох аргачлал, өрөм үйлдвэрлэхэд сүүний тослогийг тохируулах технологийн хувилбаруудыг боловсрууллаа. Зарим нэрийн уураглаг, тослог, эсэг цагаан идээний үйлдвэржсэн технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж, шинэ бүтээлийн патент 9-ийг хамгаалав.
Бүтээлийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдал.


Судалгааны үр дүн болон зохиогчийн боловсруулсан асуудал, дэвшүүлсэн саналууд нь Монгол улсын Засгийн газрын “Цагаан хувьсгал” үндэсний хөтөлбөр (1999.VI) суурь болон хэрэгжиж байна. Түүнчлэн сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хэрэглээ, хангамжийг нэмэгдүүлэх, сүүний нөөцийг зохистой ашиглах талаар дэвшүүлсэн зөвлөмж, асуудлууд “Хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол тэжээл” үндэсний хөтөлбөр (2001.XI), “Хүнс, хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлого” (2001.X)-д тусгагдсан болно. Бүтээлийн судалгааны үр дүнгээр нэгэнт батлагдсан онолын асуудлуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Хүнс-биологийн сургуулийн эрдэмтдийн хамтлаг Хүнс, хөдөө аж ахуйн яамны захилгаар “Бодисын солилцоог дэмжих үйлчлэл бүхий цагаан идээ, цэвэр өсгөврийн сан” ШУТ-ийн төслийг 2004 оноос амжилттай хэрэгжүүлж байна. ШУТИС-ийн ХБТС, Швейцарийн Хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны хүрээнд “Ингэний сүү” төслийг 2005 оноос хэрэгжүүлж эхэллээ. Сүүний нөөцийг ашиглах НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол, Япон улсын Засгийн газрын GCSP/MON/001/JPN төслийн суурь судалгаа нь энэхүү бүтээлийн тодорхой хэсэг юм. Сүү, цагаан идээний үйлдвэрлэлийг хөгжүүлэх технологийн чиглэлийн гол агуулга, зөвлөмжүүдийг төрийн захиргаа, нутаг дэвсгэрийн удирдах байгууллагаас холбогдох бодлого тодорхойлоход ажиллаж байна. Мөн судалгаа, туршилтын ажлын үр дүн болон бизнес төсөл, технологийн баримт бичиг, бусад материал нь сүүний фермерийн аж ахуй, хоршоо, сүү, цагаан идээний жижиг үйлдвэрүүдэд ашиглагдаж байгаа болно. Бяслаг, тараг, өрөм, шар, цагаан тос, ээзгий зэрэг цагаан идээний үйлдвэржсэн технологиуд нь төв, орон нутгийн үйлдвэрүүдэд нэвтэрч, үр дүнгээ өгч байна. Түүнчлэн сүү, цагаан идээг аминдэм, бичил эрдэс бодисоор баяжуулах технолгийн хувилбарууд үйлдвэрт нэвтэрч, жимстэй сүү, кальцжуулсан сүү, хордлого тайлах биосорбент, ингэний хоормог, аарц, ааруул зэрэг олон бүтээгдэхүүн зах зээлд тодорхой байр суурь эзлэх болов.

1 comment:

залуухай said...

Урьд омно сонсогдоогуй шинэлэг сонирхолтой бутээл б/н. Боломжтой бол диссертацийг нь уншиж бур оортоо хутээлтэй болгомоор б/н. бичсэн ажилыг WWW.m_zalukha@yahoo.com хаягаар электрон хэлбэрээр явуулж тусална уу! Баярллаа!

Post a Comment

Та бүхэн сэтгэгдэлээ бичнэ үү.